· 2 мин унших
Монгол гэрийн түүхэн хөгжил
Овоохой, шовоохойноос эхлэн Хүннүгийн гэр, Нууц товчоонд дурдагдах гэрүүд, орчин үеийн Цомцог гэр хүртэлх урт замнал.

Монгол туургатны эсгий гэр манай орны байгаль, цаг уурын нөхцөл хийгээд нүүдэлчдийн хөгжлийн түвшинтэй шууд уялдан үүсч, түүхэн цаг хугацааны явцад илүү боловсронгуй болж хувьсан өөрчлөгдсөөр 21-р зууныг хүрсэн.
Гэрийн анхны хэлбэр: овоохой ба шовоохой
Гэрийн анхны хэлбэр нь овоохой болон шовоохой юм. Эдгээр нь эртний хүмүүсийн байнгын сууц байсан бөгөөд одоо ч Хөвсгөл аймгийн зарим хэсэгт хэрэглэгдсээр байна. Модоор баригддаг байгальд ээлтэй эдгээр сууцны дотроос овоохой нь бууж нүүлгэхэд илүү авсаархан тул зарим анчид одоо ч аянд хэрэглэдэг. Харин шовоохой нь уулархаг нутгийн иргэдэд илүү тохиромжтой.
Монгол гэрийн хөгжлийн үе шатууд
Судлаачдын үзэж буйгаар анчин овог аймгууд болон нүүдэлчин ард түмэн хоорондоо салсан үеэс гэрийн түүх эхэлдэг. 19-р зууны сүүл гэхэд дэлхийд зуу орчим угсаатан гэр сууцанд амьдарч байжээ. Төв Азийн нүүдэлчид гэрийг маш эртнээс бий болгосон хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг (эх сурвалж: The History of Mongolian Ger, 2006).
Гэрийг гадаад хэлбэр хийцээр нь Монгол болон Түрэг гэж хоёр ангилдаг. Олон улсад Mongolian Yurt нэрээр танигдсан Монгол гэр нь том тоонотой, богино уньтай, ханын өндөр харьцаагаараа Түрэг гэрээс ялгаатай. Монгол гэрийн одоогийн хэв шинж 3000 гаруй жилийн тэртээгээс бүрэлдсэн гэж үздэг.
Хүрэл зэвсгийн үеэс эсгий хийж эхэлснээр эсгий гэрийн эхлэл тавигджээ. Гэрийн эртний нэг хэлбэр нь Хүннүгийн гэр бөгөөд Модун шаньюйн үеийг хүртэл Төв Азийн нутаг дэвсгэрт өргөн тархсан байв.
12-р зуунд Монголчууд гэрийг олон янзаар нэрлэдэг байсныг Монголын нууц товчоонд тэмдэглэжээ. Тухайлбал: Эбэсүн нэбүлэ гэр, Гэр-лүг, Шилтэсүтэ гэр, Ордо гэр, Алтан тэрмэ, Өргөтэ гэр. Эдгээр нь хэлбэр хийц, хэрэглээгээрээ ялгаатай байв.
Орчин үеийн Монгол гэрийн онцлог
Европт сүм дуганыг хүний биеийн харьцааг мөрдлөг болгон барьдаг арга барилыг алтан огтлолын модуль гэдэг. Үүнтэй төстэй харьцааны зарчим Монгол гэрийн модон хийцэд хэрэглэгддэг нь гэрийн бат бөх чанарыг илтгэдэг.
Монголчууд тооноор тусах нарны гэрлээр цагаа баримжаалж, ахуй амьдралаа зохицуулдаг байв. Морин цаг буюу үд дундын нар гэрийн хойморт тусдаг. Гэрийн дотор зайг хоймор, гал голомт, эрэгтэй тал, эмэгтэй тал гэж хувааж, эд хогшлыг үүнд тохируулан байрлуулснаар эмх цэгцийг бий болгодог.
Монгол гэрийн төрлүүд
- Барга гэр — ханын дотор, гадуур хулс, бургас хольж туургалсан гэр.
- Буриад гэр — дугуй хэлбэртэй, модон бүрээстэй сууц.
- Модон гэр — 8, 12, 16 талтайгаар дүнз модоор барьж, эсгий өрх хэрэглэдэг.
- Дөрвөд (Өөлд) гэр — туурганы урд "цаваг" гэдэг нарийн урт эсгий залгаж оёдгоороо онцлог.
- Халх гэр — Монгол нутагт хамгийн түгээмэл, дугуй хэлбэртэй, цагаан бүрээстэй, эсгий өрхтэй сууц.
- Цомцог гэр — Монголын үндэсний уламжлалт гэрийг орчин үеийн аж амьдралд зохицуулан илүү тохь тухтай, саруул болгож инноваци шингээсэн, оюуны өмчөөр баталгаажсан үндэсний брэнд бүтээгдэхүүн.



