· 2 мин унших
Монгол гэр ба хүүхдийн хүмүүжил
Монгол гэрт өссөн хүүхэд нийтэч, хариуцлагатай, эмх цэгцтэй, байгальд хайртай болж төлөвшдөг зургаан шалтгаан.

Гэр бүлийн орчин хэзээд хүүхдийн хүмүүжлийн анхдагч, чухал хэсэг байсаар ирсэн. Дэлхий даяарчлагдаж байгаа ч үндэстэн бүрийн хүүхдийн төлөвшил өөр хоорондоо ялгаатай хэвээр байна. Монгол гэрт өсөж буй хүүхэд дөрвөн хананы дунд аж төрдөг бусад орны хүүхдүүдээс ихээхэн онцлогтой.
Гэр бүл судлаач Т.Намжил "Хүүхэд нь гэр бүлийн хүмүүжлийн объект ба субъект мөн" гэж тодорхойлж, Монголын уламжлалт хүмүүжил их, бага гэр, хот айл, саахалт айлын хүрээнд хөгжиж ирснийг харуулсан байдаг.
Хүүхэд нийтэч болж өсдөг
Монгол гэрт гэр бүлийн гишүүд бие биенээсээ тусгаарлагдалгүй, харилцан хамааралтай амьдардаг тул хүүхэд хувиа хичээсэн бус, нээлттэй, өгөөмөр болж өсдөг. Хөршийн хүүхдүүдтэй тоглож наадаж ойр өссөн хүүхэд бусадтай эвтэй харьцахад багаасаа дасдаг.
Хүүхэд хариуцлагатай болдог
Судлаач Л.Шагдарсүрэнгийн бүтээлд Монгол хүүхдийн суралцах үйл ажиллагаа ахуйн болон гар урлалын хөдөлмөртэй салшгүй холбоотой байсныг тэмдэглэжээ. Түлш оруулах, ус зөөх, өрх татах, дөндийлгөх, хаяа сөхөх зэрэг гэрийн ажилд хувь нэмрээ оруулах нь хүүхдийг хариуцлагатай, амьдралд бэлтгэгдсэн хүн болгодог.
Эрүүл саруул өсөх орчин
Гэрийн оройд байрлах тооно цэвэр агаарыг гэрт оруулдаг. Эрт үеэс нярай хүүхэдтэй эхийг хойд талын орон дээр хэвтүүлдэг байсан нь тооноор орох цэвэр агаар, нарны гэрлийг эх хүүхэд хоёрт хүртээх ухаан байжээ. Нарны гэрэл бол Д аминдэмийн байгалийн эх үүсвэр.
Жилийн дөрвөн улиралд гадаа гарч орж, холын барааг харж өссөн хүүхэд байгалийн өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, чийрэг болдог.
Эмх цэгцтэй хүн болж төлөвшдөг
Өнөөдөр олон хүн минималист амьдралын хэв маягийг сонирхож байна. Гэтэл Монгол өвөг дээдэс маань нүүдлийн амьдралын хэрэгцээгээр жинхэнэ минималист байдлаар амьдарч, үр хүүхдээ эмх цэгцтэй, эдэнд шуналгүй болгож өсгөдөг байв.
Уламжлалт ёс заншлаа мэддэг, дээдэлдэг болдог
Өдөр тутмын ахуйгаас эхлээд найр наадам, баяр ёслол хүүхдийн нүдэн дээр болж өнгөрдөг тул хүүхэд ёс заншлаа мэдэж, хүндэтгэж өсдөг.
Байгальд хайртай, эх оронч сэтгэлгээтэй болдог
Өндөр барилга бус уул усны гайхамшиг, хөх тэнгэрийг харж өссөн хүний сэтгэлд байгаль ойрхон байдаг. Хөх тэнгэрээ дээдлэх, уул толгодоо хайрлах, гал усаа ариун байлгах, мод ургамал, амьтныг хамгаалахыг ахмадууд багаас нь зааж сургадаг байсан нь байгаль хамгаалах ухааныг эзэмшүүлж буй хэрэг юм.
Бусад давуу тал
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хүүхдийн сэтгэл хөдлөл, зан үйлийн хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Нэг дор амьдардаг гэрт хүүхэд аав ээж, ах дүүсийнхээ хүндлэл, эелдэг харилцааг өдөр бүр мэдэрдэг. Тийм ч учраас ахмадууд хүүхдийн дэргэд муу үг хэлэх, хэрэлдэхийг цээрлэдэг байжээ.



