Монгол гэр ба Хүүхдийн хүмүүжил

Гэр бүлийн орчин гэдэг хэзээд хүүхэд хүмүүжлийн анхдагч , чухал хэсэг байсаар ирсэн билээ. Хэдийгээр дэлхий нийт даяарчлагдаж байгаа ч олон орны үндэстэн ястнуудын хүүхдийн төлөвшил хүмүүжил нь өөр хоорондоо ялгаатай хэвээр байсаар байна. Монголчууд бидний эртнээс уламжлан ирсэн үнэт өв болох Монгол гэрт хүүхэд өсөн торниж буй нь суурин соёлтой, дөрвөн хананы дунд аж төрж буй бусад орны хүүхдүүдээс ихээхэн онцлогтой. Гэр бүл судлаач Т.Намжил “Хүүхэд нь гэр бүлийн хүмүүжлийн объект ба субъект мөн” бөгөөд эртнээс гэр бүлийн хүүхдийн хүмүүжил нь гэр бүл-их, бага гэр, гэр-хот айл, саахалт хот айл гэсэн Монгол гэрийн хүрээнд хөгжиж ирснийг тодорхойлон харуулжээ.

Монгол гэрт өссөн хүүхдийн хүмүүжлийн ялгагдах онцлог, сайн шинж чанарыг дор жагсаан бичлээ.

Хүүхдийн эрүүл саруул өсөн торних орчин болдог

Монгол гэрийн өндөрлөг хэсэгт тооно байрладаг билээ. Ийнхүү тооно эгц дээшээ чиглэн байрласнаар хамгийн цэнгэг агаар гэрт орж ирдэг. Тиймээс эрт үеэс Монголчууд нярайлсан эхийг, үрийн хамт чанх хойд талын орон дээр хэвтүүлдэг байсан. Ингэснээр тооноор орж буй цэвэр цэнгэг агаар эх хүүхэд рүү чиглэдэг гэдгийг бидний эцэг өвөг маш сайн мэддэг байсан байна. Түүнчлэн тооноор тусч буй нар нь хүүхдэд хангаллтай сайн Д витамин өгөх эх сурвалж болдог.

Мөн Монгол гэрт хүүхдүүд жилийн аль ч улиралд хүссэн цагтаа агаар салхинд гарч орж, холын барааг ажсанаар нүдний хараа сайтай, байгалийн элдэв үзэгдэлд дасан зохицох чадвартай, чийрэг, хүмүүн болон өсдөг.

Холбоотой Нийтлэл: Цомцог гэрээр дэлхийг чимнэ

 Хүүхэд уламжлалт ёс заншлаа мэддэг дээдэлдэг нэгэн болдог

Монгол гэрт өдөр тутмын ахуйн соёлоос эхлэн найр наадам, баярт үйл явдлууд нь хүртэл хүүхдийн нүдний өмнө илхэн болж өнгөрдөг. Тиймээс хүүхдүүд уламжлалт ёс заншлаа мэддэг, дээдэлдэг нэгэн болон өсдөг.

 Хүүхэд байгаль орчноо хайрладаг, эх оронч сэтгэлгээтэй болдог

Цонхоор харагдах элдэв өндөр барилгуудыг бус уул усны гайхамшгийг, хөх цэнхэр тэнгэрийг харж өссөн хүмүүний сэтгэлд байгаль эх дэлхий ойрхон байх нь дамжиггүй. Эрт үеэс ахмадууд үр хүүхдэдээ хөх тэнгэрээ дээдлэх, уул толгодыг хайрлах, гал усыг ариун цэвэр байлгах, мод цэцэгсийг хийгээд амьтдыг хайрлан хамгаалах зэргийг заан сургаж байсан нь угтаа байгаль эхээ хамгаалах ур ухааныг эзэмшүүлж буй явдал юм.

Хүүхэд нийтэч болон өсдөг

Монгол гэрт гэр бүлийн гишүүд бүгд бие биенээсээ тусгаарлагдалгүйгээр, харилцан хамааралтай өсдөг тул хүүхэд хувиа хичээсэн бус өгөөмөр нэгэн болж өсдөг байна. Монгол гэрт өсч торниж буй хүүхэд зөвхөн гэр бүлийн гишүүдтэй харилцахаас гадна хөршийн хүүхдүүдтэй тоглож, наадаж ойр өссөнөөрөө бусадтай харилцаж, нээлттэй байж сурдаг.

Хүүхэд хариуцлагатай нэгэн болдог

Судлаач Л.Шагдарсүрэнгийн бүтээлд дурдсанаар Монголын хүүхдийн суралцах үйл ажиллагааны агуулга нь ахуйн болон гар урлалын хөдөлмөрийн агуулга, түүний олон төрөл хэлбэр байсныг тэмдэглэсэн байна. Монгол гэрийн ажил үүргийн хуваарилалт хүртэл хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлдөг. Тухайлбал, хүүхэд гэртээ түлш оруулах, усанд явах, өрх татах, дөндийлгөх, хаяа сөхөх зэргээр гэр ахуйн ажилд хувь нэмрээ оруулж буй нь хүүхэд хариуцлагатай нэгэн болон өсөхийн хажуугаар ахуйн амьдралд суралцаж буйн хэлбэр юм.

Хүүхэд эмх цэгцтэй хүн болон төлөвшдөг

 Орчин үед минимализм хэмээх урсгал аль ч төрлийн салбарт хүчтэй түрэн орж ирж байна. Тухайлбал, бидний ахуйн амьдралд ч минимализм үзэл баримтлалыг баримталж, минималист болох хүсэлтэй хүмүүс олширсоор байна. Гэтэл эртний Монгол өвөг дээдэс минь жинхэнэ минималист хэв маягаар амьдарч, үр хүүхдээ багаас нь эмх цэгцтэй, эдэнд шуналгүй болгон өсгөхөд анхаарч байжээ. Монгол гэрт хөглөрсөн их тоглоом, нүүж суухад тохиромжгүй нүсэр том тавилгууд, элдэв янзын олон хэрэглэл байх нь зохимжгүй.

Бусад давуу талууд

Хамгийн чухал нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хүүхдийн мэдрэмж, зан үйлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг. Харин Монгол гэрт өссөнөөр хүүхэд аав ээж, ахан дүүсийнхээ хүндлэл, эелдэг дулаан харилцааг цаг минут тутам илүү ихээр мэдэрдэг. Тиймээс ахмад настангууд маань хүүхэд багачуудынхаа хажууд хараалын үг хэлэх, хэрэлдэж муудалцах, таагүй уур амьсгал гаргах, эмх замбараагүй явдал зэргийг цээрэлдэг байсан.

Сэтгэгдэл

Your email address will not be published.