Гадаадын жуулчдыг татдаг шалтгааны нэг бол Монгол Үндэсний Гэр

Ихэнх гадаадын жуулчид Монголчууд бидний нүүдэлчин амьдралын хэв маягийг сонирхохоор ирдэг. Харин нүүдэлчин амьдралын хэв маягийг маш тодоор илтгэх Монгол хүний оршихуй хийгээд өв соёлтой нягт холбоотой зүйл бол Монгол үндэсний гэр юм.

Олон орны ард иргэд биднийг Монгол улсаас ирсэн гэхэд ихэвчлэн Чингис хаан, Морь, Монгол Гэр гэсэн 3 зүйлээр тодорхойлдог. Даяаршиж буй энэ нийгэмд авч үлдэх ёстой үнэт соёлын маань нэг болох Монгол үндэсний Гэр гадаад жуулчдын сонирхлыг татдаг сэдэв болоод удаж байна.

Гадаадын олонх жуулчид Монголд ирээд заавал Монгол гэрт байрлаж, амарч үздэг төдийгүй, Монгол үндэсний гэрийг хамт барилцах дуртай байдаг байна.

Үүнийг олон орны иргэдийн өөрсдийн блог дээр бичсэн Монгол улсын талаарх сэтгэгдэл, experience буюу туулж өнгөрүүлсэн түүх дээрээс нь харж болно. Монгол гэрийн өвөрмөц дугуй хэлбэр хийгээд модон хана унь, багана, ширмэл ширдэг болон оосор бүч, хаяавч зэрэг нь гэрийн дотоод гадаад үзэмжийг төгс бүрдүүлдэг. Энэ нь суурин соёлтой иргэдэд маш содон сонирхолтой санагддаг нь дамжиггүй. Мөн гэрийн орон зайд шүтэн барилдсан ёслол, зан үйлүүд нь нүүдэлчин Монгол түмний соёлын онцлогийг илтгэн харуулж байдаг. Өндөр барилга, шигүү гудамж, чимээ шуугиан ихтэй замын хөдөлгөөн зэргээс алсран аниргүй орчинд Монгол гэрт тухлах нь гадны жуулчдын таалалд нийцдэг аж. Түүнчлэн Монгол гэр нь урлаачдын ур ухаанаар дамжин бүтээгдэж, хөгжиж боловсорч, он удаан жилийн түүх соёлыг шингээн ирж, түүнийгээ элдэв төрлийн хээ угалзаар илэрхийлэх нь мөн олон жуулчдын сонирхлыг татдаг болоод байна. Сүүлийн үед Монгол гэр болон Монгол тавилганы хээ угалзыг судлах, тооно багана зэргийг цуглуулах өвөрмөц хоббитой гадаадын иргэд ч олширсоор байна. Сонирхуулахад, Монгол гэрийн тооно дугуй хэлбэртэй байдагийн учир нь агаарыг маш хурдан сэлгэх зориулалттай юм. 

Сэтгэгдэл

Your email address will not be published.