2020 онд заавал мэдрэх ёстой 5 зүйл

Өнгөрөн одож буй жил бүрээс хүн алдаа оноо, сургамж ухаарлыг эрэлхийлдэг. 2020 он таны энэхүү эргэцүүллийг эерэгээр нэмэгдүүлээсэй гэсэн үүднээс бид уг нийтлэлийг танд хүргэж байна. Энэ оныг та өөртөө илүү их үр өгөөжтэй, шинэлэг, адал явдалтай байлгахын тулд дараах 5 зүйлсээс хэрэгжүүлээд үзэхэд оройтоогүй байгаа шүү.

1. Сэтгэлгээгээ өөрчлөх

Carol S. Dweck-ийн бичсэн “Mindset” буюу “Сэтгэлгээ” хэмээх номон дээр тогтмол ба өсөлтөт сэтгэлгээний талаар гардаг. Тогтмол сэтгэлгээ нь хүнийг урагш алхахад чөдөр болдог, харин өсөлтөт сэтгэлгээ нь хүнд үргэлж шинийг эрэлхийлэх боломжийг олгодог. Зохиолчийн тайлбарласнаар өсөлтөт сэтгэлгээ нь хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрийн дүнд улам их хөгжлийг авчирдаг бол авъяас чадвар нь тогтмол сэтгэлгээг бий болгодог байна. Тиймээс үргэлж аливаа зүйлд сурч боловсрох, түүнийгээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл сониуч, тууштай, хөдөлмөрч сэтгэлгээг энэ онд бий болгох нь таны ажил болон амьдралд маш их өөрчлөлтийг авчрах болно.

2. Илүү бүтээлч байх

Өдөржин оффист суулаа гээд таны бүтээлч байдал нэмэгдэхгүй. Тиймээс өөрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд дадал зуршлаа өөрчлөөд илүү байгальтайгаа ойр байхыг хичээгээрэй. Хүн угаасаа байгалийн амьтан тул цэвэр агаар, цэнгэг ус, нар салхигүйгээр бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж төсөөлөхийн хэрэггүй.  Тиймээс 2020 онд оффист суухаас илүүтэй ууланд алхах, ус голд сэлэх, хөдөө хээр аялах зэрэг цаг завыг өөртөө гаргаад үзээрэй. Ажлын бүтээмж тань эрс дээшлэх болно.

3. Эрүүл мэндээ илүүтэй анхаарах

Эрүүл мэндийн талаарх ойлголт яг одоо маш чухал асуудал болоод байгаа энэ цаг үед өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж, эрүүл зөв хооллож, дасгал хөдөлгөөнтэй байж, хамгийн гол нь дархлаагаа муутгахгүй дэмжих тал дээр анхаарал хандуулаарай. Жил бүр “эрүүл байх” амлалтыг та өөртөө өгдөг хэдий ч хэрэгжүүлж чадаагүй бол энэ онд илүү нарийвчилсан зорилго тавиад үзээрэй. Тухайлбал эрүүл мэнддээ анхаарна гэж бүдүүвчилж бодохын оронд 6 сардаа нэг удаа шинжилгээнд хамрагдана, турна гэхийн оронд 2 сард 3 кг хасна гэх зэргээр илүү бодитой хэрнээ хэрэгжүүлж болохуйц  нарийвчилсан зорилтыг тавиад тууштай байгаад үзээрэй. Үр дүн нь танд таалагдах болно.

4. Монгол орноороо аялах

Олон газраар явж, аялах тусам хүн өөрийн амьдарч буй нутаг, онгон байгаль хийгээд өвөг дээдсийн сургаалыг санагалзах, үнэ цэнээ ойлгох, эх орноо хайрлах мэдрэмж илүүтэй төрж, өсөж төрсөн нутгийнхаа төлөө цохилох зүрхтэй болдог. Тиймээс бидний зүрх сэтгэлээс үргэлж уяатай байдаг сайхан газар нутагтайгаа танилцаж, очиж үзээгүй аймгаараа аялах төлөвлөгөөг 2020 оны хийх зүйлсдээ заавал оруулаарай.

5. Орчноо сольж үзэх

Амьдарч буй орчноо сольж үзэх нь хүний харах өнцгийг өөрчилдөг. Магадгүй амьдрал тань нэгэн хэвийн мэт санагдаж байвал өөр сонирхолтой орчинд амьдраад үзэхэд яагаад болохгүй гэж? Үргэлж байр, байшинд амьдардаг бол өвөлдөө эсвэл зундаа гэрт амьдраад үзэхэд амьдрал илүү сонирхолтой болно. Мөн их хотын хөдөлгөөн, стресснээс уйдаж буй бол та аль болох байгалийн сайханд, цэвэр агаарт гэр бүлээрээ амьдраад үзээрэй.

Холбоотой нийтлэл: Цомцог гэрийг сонгох 5 шалтгаан

Сэтгэгдэл

Your email address will not be published.