Цомцог гэрээр дэлхийг чимнэ

“Эсгий туургатан” хэмээн түүхэнд мөнхөрсөн Монгол, Хамниган, Түрэг угсаатны олон үеийн туршид аж төрөн сууж ирсэн сууцыг “гэр” гэдэг билээ. Монгол гэрийн одоогийн хэв шинж 3000 орчим жилийн тэртээгээс бүрэлдэн тогтсон гэж судлаачид үздэг. Монгол гэр нь Төв Азийн нүүдэлчин ард түмний үндсэн орон сууц бөгөөд нүүж, буухад авсаархан, барихад төдийлөн ажил хугацаа ордоггүй, жилийн 4 улиралд нүүж буухад  суурьшсан газрынхаа хөрс шороонд халгаа багатай учраас байгальд ээлтэй, агаар салхийг чөлөөтэй нэвтрүүлдэг зэрэг олон давуу талтай. Эсгий гэр бол Монголчууд бидний соёлыг хадгалан ирсэн түүхэн үнэт өв юм.

Цомцог гэрийн тухай 

“Цомцог” гэрийг үндэсний өв соёлыг харуулсан брэнд бүтээгдэхүүн болгохоор зорин ажиллаж буй “Монхатан Хаус” ХХК нь 2016 оныг хүртэл уламжлалт Монгол гэрийг гадаадын олон оронд экспортолж, Дэлхийн Зөн, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг зэрэг олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран ажиллаж тусламжийн гэр нийлүүлдэг, мөн гадаад дотоодын үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийн дагуу урьдчилсан захиалгаар уламжлалт Монгол гэрийг зах зээлд бэлтгэн нийлүүлж байсан арвин туршлагатай хамт олон юм. Тус компани 2016 оноос эхлэн монгол гэрийн үйлдвэрлэлд инновац шингээж өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох “Цомцог гэр” брэндийг олон жилийн турш ур ухаан,сэтгэл оюунаа дайчлан бүтээж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэхийг зорьж ирлээ.

Цомцог гэрийн үүсэл

Бид орчин үеийн хаусыг орлохуйц тохь тухтай, уужим саруул атлаа үндэсний хэв шинжийг агуулсан гэр бий болгох зорилготойгоор анх “Цомцог гэр”-ийг зохион бүтээсэн.

Уламжлалт Монгол гэрийн үнэ цэнийг өсгөх, орчин үеийн хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэх хийгээд аялал жуулчлалын стандартыг нэмэгдүүлэх, цаашлаад Монгол ахуй өв соёлоо гадаад дотоодын жуулчдад сурталчлан таниулах зорилгоор анх 2016 онд “Red Rock” аялал жуулчлалын газарт зориулан анхны инновацийн шинэчлэл бүхий “Цомцог гэр” загваруудыг зохион бүтээсэн нь одоог хүртэл жуулчид, амрагчдын сэтгэлд нийцсэн таатай сууц болсон хэвээр байна.

Цомцог гэр

Олон улсад гэрийн тухай ойлголт

Олон улсад дугуй хэлбэртэй гэрийг Төв Азиас тэр дундаа Монголоос гаралтайг хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч Authentic Mongolian Yurts буюу Монголын уламжлалт гэр сууц нь дэлхий дахинд нэр хүндтэй, эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн байсаар байна. Монголын уламжлалт гэрийг гадаадын олон үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд нийлүүлэн зарж борлуулж байгаа билээ. Тухайлбал: АНУ, Канад, Швед зэрэг олон оронд гэр сууцанд амьдрахыг илүүд үздэг гадны захиалагчид олширсоор байна. 

Гэр нь эрс тэс, халуун хүйтэн уур амьсгалд маш тохиромжтой, байгалийн онц ноцтой үзэгдэлд тэсвэртэй байдаг нь олон хэрэглэгчдийн анхаарлыг татдаг. Сүүлийн жилүүдэд олон улсад НАСА-гийн боловсруулсан дулаалгыг гэрт ашиглаж эхэлж байна. Энэ нь 100 км/цагийн салхины хүчийг тэсвэрлэх чадвартай бат бөх дулаалга юм байна. Мөн гэрийн дугуй хэлбэр нь дөрвөлжин байшинтай харьцуулахад дулааныг илүү үр ашигтай байлгадгаараа давуу талтай.

Барууны зах зээлд гэрийн үнэ цэнэ улам бүр өссөөр байгааг АНУ-ын гэрийн холбооны ерөнхийлөгч (president of Yurts of America) Жерри Ритчи  дурьдаад байна. Тэрээр анх АНУ-ын зах зээлд гэрийг танилцуулж байхад  1 өдрийн гэр түрээсийн үнэ ердөө 49$ байсан бол одоо үүнээс 10 дахин илүү үнэтэй болсон төдийгүй бүр илүү тансаг, хээнцэр гэр захиалж хийлгэх хүсэлтэй  хүмүүсийн тоо олширсныг дурьдлаа. Мөн барууны аялал жуулчлалын ресортууд гэрийн үнийг энгийн байшингаас 10-20% илүү байлгаж байгаа нь гэрийн онцгой, өвөрмөц шинж чанарын үнэ цэнэ энгийн сууцаас илүү байгааг харуулж байна.  Гэрийн үнэ цэнийг өсгөж байгаа бас нэг чухал зүйл бол гэр нь customizable буюу өөрийн хүссэнээр зохицуулах боломжтой сууц юм. Тухайлбал АНУ–д гэхэд гэрийг ямар ч өнгөөр захиалж болно мөн дотор нь агаар сэрүүцүүлэгч, халуун хүйтэн ванн, өөрийн хүссэн бар, тек зэргийг ч суурилуулан захиалж болж байна. Тэр ч байтугай Их Британийн аялалаар явах дуртай нэгэн эмэгтэй эвхэгддэг гэрийг хүртэл захиалан хийлгэсэн байна. Харин ийнхүү гэрийг бүтээлчээр зохион бүтээхэд тодорхой хэмжээний судалгаа шинжилгээ хийгдэж, олон хүмүүсийн хөлс хүч хөдөлмөр шингэдэг нь дамжиггүй.

Бидний “Цомцог гэр” брэнд ч мөн адил цөөнгүй харилцагч байгууллага, үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхол, олон жилийн нөр их хөдөлмөр, туршлага, судалгаа, Монгол өв соёлоо дээдлэн хайрлаж, хойд үр хойчдоо өвлүүлэн үлдээх халуун дулаан сэтгэлээс урган гарч, хэрэглэгч таны гар дээр хүндэтгэлтэйгээр залран буйг дуулгахад таатай байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.